Миний ард нэгэн хүний зураг байна. Урьд самбарын дээр, жагсаалын урд залагдаж байсан энэ зураг яагаад ч юм миний арын самбарын тавиур дээр...
Манай даргын шкафны араар унаад тоос шороонд дарагдаж байгаад, жил гарангийн өмнө хогийн сав руу цөлөгдөж явахад нь би дундаас нь шүүрч өөрийн болгосон билээ. Баатрын тэмдэг, алтан соёмбоо зүүгээд яльгүй зүүн дээш харж, бодлогошронгуй гарсан байгаа нь бага байхад ямар хүн байсан тэр л сүр бараатай байсан үеийг нь санагдуулна. /Миний ард байгаа зураг доорх зураг биш шүү/
Энэ хүний нэр:
Юмжаагийн Цэдэнбал
1916 онд Увс аймгийн Давст суманд төрсөн
1991 оны 3 сард 74 насандаа Москвад Күнцевийн эмнэлэгт таалал төгсжээ.
Энэ агуу хүний зураг юунд өөрийнх нь хувь заяа шиг хаягдах болов оо. Жаазандаа залаагүй айл байсан ч юм уу бүү мэд. Хамгийн их шагнуулсан гэх хүн сонгуулийн өмнөх өдөр болохыг мэдээд бүр сурталчилгааны зургаа өөрөө аваагүй нь лав. Хуучны юм ул болж, шинэ юм зул болж байгаа нь энэ байх даа.
Надаас жаахан залуу /би ч залуухан л даа/-чууд энэ хүний зургийг хараад танихгүй байх нь бүр гайхмаар. Аргагүй дээ тэдэнд хэн ч хэлэхийг хүсээгүй болохоор тэр биз.
За ямартай ч энэ зураг одонцоруудын гудамжинд наалгуулаад, нүдээ сохлуулж, нүүрээ сэглүүлж, хөхөө сийлүүлээгүйд би баярлаж байна.
Та бидний сэтгэлд одонгоо зүүсэн хэвээрээ шүү.
1 сэтгэгдэл:
манай өвөөгийнд л байдаг байж билээ. Хойморт нь залаастай өмнө нь зул хүж өргөөстэй л байдаг байсан даа